Монгол гэрийн халаалт, дуллаалгын багц хэрэглэдэг болон хэрэглэдэггүй өрхийн дотоод агаарын чанар эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг харьцуулан судлах ажил хийгдэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөө” төслийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төв хамтран Монгол гэрийн халаалт, дуллаалгын багц хэрэглэдэг болон хэрэглэдэггүй өрхийн дотоод агаарын чанар эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг харьцуулан судлах ажлыг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд хийхээр ажиллаж байна.

Уг судалгааны ажлын явцын үнэлгээ хийх НҮБХС, НЭМҮТ-ийн баг 2022.01.14-17-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ирж ажиллалаа. Үнэлгээний явцад судалгаанд хамрагдаж буй өрхийн дотоод агаарын чанарт багажийн хэмжилт хийж буй байдлыг үнэлэн, орон нутгийн судалгааны багийн гишүүдэд зөвлөмж өгч, асуумж авах аргачлалд сурган, өрхийн гишүүдийн цусанд оксигемоглобин тодорхойллоо.

Мөн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар, өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох эмч нарыг Судалгааны арга зүйн сургалтад хамрууллаа.