Түр хүлээнэ үү
АЛБАН БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Албан бичиг гэдэг нь: Хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд тодорхой асуудлаар байгууллага хооронд болон байгууллага, иргэдийн харилцсан баримт бичгийг хэлнэ.
Албан бичиг боловсруулахад бичвэрийг хүүрнэх өгүүлбэрээр болон хүснэгтэн хэлбэрээр төрийн албан ёсны хэллэгээр бичнэ.
Бичвэр нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд.
-Баримт бичгийн утгыг бүрэн, тодорхой, зөв илэрхийлсэн байх;
-Хоёрдмол утгагүй;
-Үгийн сонголт зөв байх;
-Зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаагүй байх;
-Албан ёсны тогтсон үг хэллэгтэй байх;
-Агуулга учир зүйн дэс дараалалтай байх.
-Arial фонтын 11-12 хэмжээтэй, хүснэгтэн мэдээлэл 9-11 байна.
А-4 цаасны хэмжээ
Дээд захаас 20 мм (хөндлөн 30 мм)
Доод захаас 20 мм (хөндлөн 15 мм)
Зүүн захаас 30 мм (хөндлөн 20 мм)
Баруун захаас 15 мм (хөндлөн 20 мм)
Мөр хоорондын зайг
А4 хэмжээтэй цаасан дээр 1,15-1,5 байна.
А5 хэмжээтэй цаасан дээр 1,0-ээр авна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад илгээх албан бичигт эцэг /эх/-ийн болон өөрийнх нь нэрийг бүтнээр, бусад тохиолдолд (байгууллагын нэр, албан тушаал, овогийн үсэг, өөрийн нэр)-ийг бичиж “ТАНАА” гэсэн үг хэрэглэж, хүндэтгэн бичнэ.
“Тэргүү”-г бичихдээ баримт бичгийн үндсэн агуулгыг оновчтой, тодорхой илэрхийлсэн тэргүүг нэг өгүүлбэрт багтаан, эхний үсгийг томоор, үеэр таслахгүй бичнэ.
Тухайн албан бичгийн бичвэрт он, сар, өдрийг бичихдээ задлаж бичнэ. (2022 оны 10 дугаар сарын 21)
1-9 хүртэлх тоог (01-09) гэсэн байдлаар хоёр оронтой болгож бичнэ.
Хариутай албан бичгийн хариуг явуулах бол тухайн албан бичгийн (дугаар, он, сар, өдөр)-ийг бичвэрт оруулж бичихгүй.
Хөрөнгө, санхүүгийн болон бусад дүн тоон мэдээллийг дараах байдлаар бичнэ. Бичвэр дунд орох мөнгөн дүнг дугуй ( ) хаалт хэрэглэн тоо, үсгээр бичнэ. Жишээ нь: 3 653 000 (гурван сая зургаан зуун тавин гурван мянга) г.м
Хоёр ба түүнээс дээш хуудастай баримт бичгийг хоёрдугаар хуудаснаас эхлэн тоогоор дугаарлана. Дугаарыг хуудасны дээд захаас 10 мм зайд голлуулан (2)-оос эхлэн дугаарлана.
Гарчиг, бүлэг, зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дугаарыг илэрхийлэх тооны ард цэг тавьж, эх бичвэрийг зай авахгүйгээр бичнэ.
Албан бичгийн үлдэх хувь дээр боловсруулсан, хянасан албан тушаалтаныг албан бланкны сүүлийн хуудасны ард тэмдэглэнэ.
Нэг хуудастай албан бичгийн үг үсгийн алдаа, баримт бичгийн стандартыг тохируулах ажлыг байгууллагын бичээч-оператор хариуцах ба 2 болон түүнээс дээш хуудастай албан даалгавар бусад төрлийн баримт бичгийн үг үсгийн алдаа, найруулга зүйг боловсруулсан, хянасан албан тушаалтан хариуцна.
АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ
Албан бичиг хавсралттай бол энэ тухай баримт бичигт заавал дурдана.
Шалгалтын актыг хүргүүлэв.
Хавсралт .... хуудастай.
Албан бичиг 2 болон түүнээс дээш хавсралттай бол дараах загвараар бланк дээр бичнэ.
1 дүгээр хавсралт: Шалгалтын акт, .... хуудастай.
2 дугаар хавсралт: Дүгнэсэн үзүүлэлт, .... хуудастай.
Албан бичигт хавсаргасан мэдээллийн хавсралтын тэмдэглэгээг дараах байдлаар бичнэ.
(Байгууллагын нэр)
...... оны .... дугаар сарын ....-ны өдрийн
..... дугаар албан бичгийн хавсралт
(Байгууллагын нэр)
...... оны .... дугаар сарын ....-ны өдрийн
..... дугаар албан бичгийн ... дүгээр хавсралт
Албан бичгийн хавсралт нь хэвлэмэл хуудас бүхий баримт бичгийн эх, хуулбар хувь болон баталсан, зөвшөөрсөн тэмдэглэлтэй бол хавсралтын тэмдэглэгээг хийхгүй.
Тухайн албан бичгийг боловсруулсан албан тушаалтан удирдлагад танилцуулж, гарын үсэг зуруулан байгууллагын тамга, тэмдэг даруулсаны дараа бичиг хэрэгт өгсөнөөр тухайн албан бичиг хүчин төгөлдөр баталгаажина.
Мөнгө санхүү, хүний нөөцийн холбогдолгүй бол тухайн албан бичгийг байгууллага чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурж, байгууллагын тэмдгээр баталгаажуулж явуулна.
Боловсруулсан албан бичгийг хэвлэмэл хуудас дээр буулгасаны дараа засвар, өөрчлөлт орсон тохиолдолд боловсруулсан, хянасан албан тушаалтан хэвлэмэл хуудас (бланк)-ыг үр ашиггүй зарцуулсан тохиолдолд нөхөн бүрдүүлэлт хийх, зардалыг дотоод журамд тусган төлүүлж болно.
БАРИМТ БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ХУГАЦАА:
Удирдлага цохолт хийсэн өдрөөс эхэлж ажлын 7 хоногт;
Шуурхай шийдвэрлэж болох асуудлыг ажлын 1-3 хоногт;
Шийдвэрлэх хугацааг баримт бичигт заасан бол дурдсан хугацаанд;
Иргэдийн өргөдөл, гомдлын хариуг холбогдох хууль, тогтоомжид заасан хугацаанд;
Бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх бол хуанлийн 30 хоногт.
АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС:
Бичиг хэрэгт БҮРТГЭГДЭЭГҮЙ баримт бичгийг хүлээн авч шийдвэрлэхийг хориглоно.
Баримт бичгийг эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн ДАРДСААР баталгаажуулахыг хориглоно.
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ХЭВЛЭГЧ, ХУВИЛАГЧ, МАШИНААР хэвлэсэн хэвлэмэл хуудас хэрэглэхийг хориглоно.
Байгууллагаас боловсруулсан баталгаажуулаагүй захирамжлалын болон зохион байгуулалтын баримт бичигт УРЬДЧИЛЖ он, сар, бүртгэлийн дугаар олгохыг хориглоно.
Байгууллагын ажилтан албан хэрэг хөтлөлтийн явцад үүсэж хөтлөгдсөн мэдээллийн сан, баазаа УСТГАХЫГ хориглоно.
Бичиг хэргээс дугаар аваагүй баримт бичгийг бусдад дамжуулах, илгээхийг хориглоно.
- 2023-06-10
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн ажилтны сургалт
- 1161 уншсан
- 1 минут уншина